A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Шинэ мэдээ / АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу Англи хэлний боловсролын аймгийн дэд хөтөлбөрийн төслийг олон нийтэд танилцуулж саналыг авч байна. Эцэг эх, олон нийтийн иргэд, багш нар, суралцагчдыг саналаа өгөхийг уриалж байна. Саналыг 2021 оны 3 дугаар сарын 26-ны дотор bolovsrol999@gmail.com, tuvshinzayanergui@gmail.com цахим шуудан, Боловсрол соёл урлагийн газрын фейсбүүк групп, хуудас, 99079221, 88733044 дугаарын утсанд холбогдон өгнө үү.

АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр хэлэлцэгдэж байна.

/төсөл/

Нэг. Хөтөлбөрийн шаардлага, үндэслэл

Дэлхий ертөнц даяаршиж, улс орнуудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн энэ цаг үед дэлхий нийтийн хэл болох англи, орос  хэлийг сурах хүсэлтэй хүүхэд багачууд, төрийн албан хаагч, иргэд, залуучуудын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, гадаад хэлний багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш солилцоог явуулах, хэлний сургалтын орчинг  сайжруулах, сурагчид гадаадын нэр хүндтэй их сургуульд суралцаж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг олон бодит шаардлага байна.

2018-2019 оны хичээлийн жилд БСУГ-аас Англи үг үсэглэх аймгийн уралдаан, англи хэл- танин мэдэхүйн “Пирамид” тэмцээн, сурагчдад зориулсан англи хэлний зуны сургалт, орон нутгийн иргэдэд англи хэлний ярианы клуб, Англи хэлний багш нарыг чадваржуулах сургалт, англи хэлээр илтгэл тавьж хэлэлцүүлдэг хүүхдийн чуулган, орос хэлний бүсийн олимпиад  зэрэг олон шинэлэг ажлуудыг амжилттай зохион байгуулж мэдээллийн хэрэгсэл, орон нутгийн телевизээр сурталчилсан нь олон нийтэд англи хэл сурахыг уриалсан, дэмжсэн нөлөөллийн ажил боллоо. Мөн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг тухайн хэлээр ярьдаг улс оронд дээшлүүлэх эхний ажлууд хийгдэж эхэлсэн нь сайшаалтай юм. 2019 онд ОХУ-ын ЭСЯ, Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран Орос хэл соёлын баяр, орос хэлний  бүсийн олимпиадыг Архангай аймагт зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд ОХУ-тай гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон хэлэлцээрүүд хийгдэж цаашдын хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдлаа.

Манай аймаг англи хэлний хичээлийн ЭЕШ-ын дүнгээр жил бүр улсын дунджаас доогуур байгаа бөгөөд 2017 онд өмнөх оноос 9 оноогоор ахиж, 2018 онд өмнөх оноос 4 оноогоор буурсан үзүүлэлттэй, 2020 онд өмнөх оноос 14 пунктээр ахиж, 6 байр урагшилсан байна.

 

Боловсролын үнэлгээний төвөөс авсан чанарын үнэлгээгээр 2019 онд англи хэлний сурлагын амжилт улсын дунджаас 6,5 оноогоор доогуур, бүсийн болон орон нутгийн дунджаас 1 орчим хувиар илүү шалгагдсан байна.

 

Иймээс гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүүхэд багачууд, орон нутгийн иргэдийг гадаад хэл эзэмших, мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх нь энэхүү хөтөлбөрийн үндэслэл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго:

Орон нутагт гадаад хэлний боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхэд залуучуудын гадаад хэлний боловсролыг сайжруулна.

2.2. Хөтөлбөрийн зорилт

  1. Гадаад хэл сурах орчныг бүрдүүлэх, сайжруулах
  2. Гадаад хэлний багш нарын мэргэжил, арга зүйн ур чадварыг сайжруулах
  3. Хүүхэд залуучуудын гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх

2.3. Хөтөлбөрийн хугацаа

Хөтөлбөрийг 2021-2025 онд хэрэгжүүлнэ.

2.4. Санхүүжилт

Хөтөлбөрийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

  1. Улсын төсөв
  2. Орон нутгийн хөгжлийн сан
  3. Орон нутгийн төсөв
  4. Гадаадын байгуулллага, төсөл хөтөлбөрүүд
  5. Бусад эх үүсвэр

Гурав. Үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

Зорилт 1. Гадаад хэл сурах орчныг бүрдүүлэх, сайжруулах

3.1.1. Ерөнхий боловсролын сургуулиудад англи, орос хэлний болон лингафон кабинетийг байгуулах, визуаль хэрэглэгдэхүүн, ном гарын авлагаар хангах

3.1.2. 3.3.3. Аймгийн 33 сургуулийн гадаад хэлний кабинетийг ухаалаг самбар, LED зурагт, аудио хэрэгсэл, цахим хэрэглэгдэхүүнээр хангах

3.3.4. Оросын соёл шинжлэх ухааны салбар төвийг шинээр байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулах, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

Үр дүн: Архангай аймгийн 33 ЕБС-ийг англи, орос хэлний кабинет, лингафон кабинет, ухаалаг самбар, англи, орос ном сурах бичиг гарын авлагаар хангаснаар хэл харилцааны бодот орчин бүрдэж, хүүхэд залуучуудын суралцах таатай орчин хангагдаж гадаад хэлний сургалтын чанар сайжирна. Мөн дээрх олон үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхэд залуучуудын англи хэлний боловсролын чанар сайжирна.

Зорилт 2: Багшлах боловсон хүчнийг мэргэжил арга зүйг дээшлүүлэх, чадваржуулах

3.2.1. Англи, орос хэлний судлагдахууны арга зүй зөвлөлийг орон нутагт байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах

3.2.2. Гадаад хэлний багш нарыг тухайн хэлээр ярьдаг улсад урт хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах

3.2.3. Англи хэлний багш нарыг MOOC, TEFL, TESOL зэрэг цахим сургалтад хамруулах

3.2.4. Багш нарт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, аян, уралдаан тэмцээн зохион байгуулах

3.2.5. Жил бүр нэг багшийн зохиосон ном сурах бичиг гарын авлагыг санхүүжүүлэн хэвлүүлж олны хүртээл болгох

Үр дүн: Англи орос хэлний багш нарын мэргэжил арга зүйн ур чадвар сайжирч, сургалтын чанарт ахиц гарна.

  1. Хүүхэд залуучуудын гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх

3.3.1. Хүүхэд, залуучууд орон нутгийн иргэдэд зориулсан ярианы клуб, IELTS, TOEFL-ийн шалгалтанд бэлдэгчдийн, Жуулчдад үйлчлэгч залуучуудын гэх мэт сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагуудыг дэмжих, ТВ хичээл, онлайн сургалт зэрэг үйл ажиллагааг явуулах

3.3.2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвүүдийг дэмжих, хамтарч ажиллах, түр болон урт хугацааны, хэрэглээнд суурилсан сургалтыг зохион байгуулах

3.3.3. Төрийн албан хаагчид, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад чиглэсэн ярианы клуб, англи хэлний сургалт, зайны сургалт, ТВ шоу зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах

3.3.4. Хүүхдэд чиглэсэн англи хэл – танин мэдэхүйн “Пирамид”, “Үсэглэгч зөгий”, “Хүүхдийн чуулган”, “Зуны сургалт” зэрэг уламжлалт үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, өргөжүүлэх

Үр дүн: Англи орос хэлний боловсролыг дэмжих үйл ажиллагааны хэлбэр, цар хүрээ өргөжин суралцагсдын сурах хүсэл сонирхол нэмэгдэж, хэрэгцээ шаардлага хангагдсанаар орон нутгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид:

4.1. БСУГ нь үйл ажиллагаандаа  Боловсролын  тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд дараах чиг үүргийг удирдлага болгон орон нутгийн түвшинд хэрэгжүүлдэг мэргэжлийн, мэргэшсэн байгууллага юм.

  1. Хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх
  2. Боловсролын харилцаанд оролцогчийг боловсрол эзэмших, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах
  3. Сургалтын байгууллага, багш, ажилтан, иргэдэд үзүүлэх мэргэжил, арга зүйн үйлчилгээ нь байгууллага, хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй сургалтын арга зүй, технологи хөгжүүлэх
  4. Шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах
  5. Хүүхэд, эцэг эх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийг чадавхжуулах, иргэдийн насан туршийн боловсролыг дэмжих, тэдэнд зориулсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  6. Хүүхдийг суурь боловсролд бүрэн хамруулах, эцэг эх, олон нийт, боловсролын оролцогч талуудын боловсролын чанарыг сайжруулах, боловсролын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, орчин цагийн үзэл санааг түгээх дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах
  7. Хүүхэд нэг бүр, багшийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцоог нэмэгдүүлэх боловсролын салбарын үндэсний хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, тайлагнах, сурталчлах, үр дүнг тооцох

Дээрх чиг үүргийн хүрээнд Архангай аймгийн БСУГ нь хөтөлбөрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах гол хэрэгжүүлэгч байна.

4.2. Архангай аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс  нь нэгдсэн удирдлагаар хангана.

4.3. Сумдын Засаг дарга нар өөрийн сум, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.

Хамтран хэрэгжүүлэгчид:

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих газар, Насан туршийн боловсролын төв, ЕБС-иуд

Тав. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт

5.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага зохицуулалтыг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс хангана.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг БСУГ хариуцна.

5.3. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн үр дүнг тооцох, үнэлэх, мониторинг хийх ажлыг БСУГ хариуцаж жил бүрийн 12 дугаар сард аймгийн ИТХ-д тайлагнана.

Санал болгох

Ерөнхий боловсролын салбарын чиглэлээр батлагдсан баримт бичгийн эмхэтгэл

Best free WordPress theme