A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / МУЗГ, БСШУС-ын сайдын тушаал, шийдвэрүүд / Аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журам

Аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журам

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2013 оны 08 сарын 26 –ний өдрийн

А/315 дугаар тушаалын хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН

ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Аймаг, нийслэлийн Боловсролын газар (цаашид “газар” гэх)-ын бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Газар нь үйл ажиллагаандаа Боловсролын тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

 

1.3. Газар нь хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх; боловсролын харилцаанд оролцогчийг боловсрол эзэмших, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах; сургалтын байгууллага, багш, ажилтан, иргэдэд үзүүлэх мэргэжил, арга зүйн үйлчилгээ нь байгууллага, хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд чиглэсэн; шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.

 

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

  1. Газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.1. Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр:

 

2.1.1.Боловсролын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх, тайлагнах;

2.1.2.Боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж байгууллагын вэб сайтад байршуулах, баяжилт, шинэчлэл хийх, хэвийн ажиллагааг хангах;

2.1.3.Шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаг үеийн бусад асуудлаар цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтанд мэдээлэл өгөх, солилцох (уулзалт, онлайн хурал, сургалт/семинар, хэлэлцүүлэг гэх мэт) үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;

2.1.4.Боловсролыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

2.1.5.Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүй, технологи хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтан, сурагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, эцэг, эх, олон нийтэд энэ чиглэлийн мэдээллээр үйлчлэх;

2.1.6.Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүй, технологийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг мэдээллээр хангах, санал боловсруулах;

2.1.7.Боловсролын тухай хуулийн 34.1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан сургалтын байгууллагын өөрийн болон мэргэжил, арга зүйн удирдлага, багшийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн удирдамжаар хангах, багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

2.1.8. Сургалтын үйл ажиллагаанд хөтлөх сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/ болон багш, сурагчийг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах, сургуулиудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, тайлагнах;

2.1.9. Бага, дунд боловсролын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ олгохтой холбогдох асуудлын хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах, хяналт тавих, тайлагнах;

2.1.10. Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн норм, норматив, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага, олон нийтийн тавих хяналтыг тогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах үйл ажиллагааг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах.

 

2.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох чиглэлээр:

 

2.2.1. Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах, өөрчлөх асуудлаар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт бичигт магадлан шинжилгээ хийх шинжээчийн хэсгийг Боловсролын тухай хуулийн 22.1.4, 22.1.5 дахь заалтад заасны дагуу томилон ажиллуулж мэргэжлийн дүгнэлт гаргах;

2.2.2. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар энэ журмын 2.2.1-т дурьдсан шинжээчийн хэсгийн дүгнэлтийг газрын даргын дэргэдэх удирдлагын нэгжийн зөвлөл эсвэл Боловсролын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

2.2.3. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулсан шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөлд хамаарах асуудлаар бүртгэл, мэдээллийн сан үүсгэх, баяжилт хийх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

2.2.4. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр сургалтын байгууллага татан буугдах, эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хувь хүнд хамаарах архивын баримт /ажилд томилох, чөлөөлөх шийдвэр, төгсөгчид олгосон боловсролын баримт бичгийн бүртгэл/-ыг хүлээн авч архивын байгууллагад шилжүүлэх.

 

2.3.Багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

 

2.3.1.Сургалтын байгууллагын болон хүний нөөцийн менежментийг сайжруулах, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулийг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар хангах, зөвлөн туслах;

2.3.2. Өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, арга зүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх, багш, сурагчдын дунд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн олимпиад, уралдаан зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

2.3.3. Боловсролын чанарын баталгаа, хүүхэд бүрийг хөгжүүлэх онол, арга зүйгээр багш, ажилтныг хангах, энэ чиглэлээр тэдний мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургалтын шинэ технологи, арга зүй бүтээх, тохироц нийцийг тогтоох, нутагшуулах, нэвтрүүлэх ажлыг цэцэрлэг, сургууль, багш нартай хамтран зохион байгуулах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;

2.3.4. Сургалтын байгууллагуудын сүлжээ үүсгэн багш, ажилтан харилцан туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг хөгжүүлэх, тэдний шилдэг арга зүй, технологийг боловсролын технологийн санд бүртгэж нийтийн хүртээл болгох;

2.3.5. Хүүхдийн хөгжил төлөвшил, авьяасыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх чиглэлээр хүүхдийн болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах, багш, ажилтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;

2.3.6. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

2.3.7. Сургуулийн гадна байгаа хүүхэд, залуучууд болон иргэдэд боловсрол олгох үйлчилгээ үзүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;

2.3.8. Багш, ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх асуудлаар сургууль, цэцэрлэгт мэргэжил, арга зүйн удирдамж, зөвлөгөө өгөх;

2.3.9. Багш, ажилтан, суралцагчийн бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулан дэмжих чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн одон медаль, салбарын болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлэх, шийдвэрлүүлэх;

2.3.10. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн асуудлаар судалгаа хийх,  Төрийн албаны тухай хуулийн 27.1.5, 27.1.7, 27.1.8 дахь заалтад заасан нийгмийн баталгааг хангах санал боловсруулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

 

2.4.Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аттестатчилах чиглэлээр:

 

2.4.1.Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх;

2.4.2.Сургууль, цэцэрлэг болон боловсролын бусад байгууллагыг аттестатчилах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу чанартай зохион байгуулах, дүнг холбогдох байгууллагад танилцуулах;

2.4.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хийх боловсролын чанарын үндэсний үнэлгээний ажилд оролцох, дэмжих, тэдгээрийн үр дүнгийн мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.4.4. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой зохион байгуулах, зөвлөн туслах;

2.4.5. Орон нутгийн боловсролын хөгжил, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг тандах судалгаа, оношлогоо, хэрэглэгчийн үнэлгээний ажлыг багш, ажилтан, иргэд, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, үр дүнг мэдээлэх;

2.4.6. Сургууль, цэцэрлэг, багшийн үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээний тогтолцоо төлөвшүүлэх ажлыг арга зүйн удирдамжаар хангаж зөвлөн туслах, хамтран ажиллах;

2.4.7. Орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх;

2.4.8. Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийн үзүүлэлтүүдийг тооцох, сайжруулах хариу арга хэмжээ авах.

 

2.5.Боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх чиглэлээр:

 

2.5.1. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ, конвенцийн хэрэгжилтийн явц, үр дүн болон байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд тогтмол мэдээлэх;

2.5.2. Дээд шатны байгууллагаас улс орны нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уурын болон бусад асуудлаар сургууль, цэцэрлэгт хамаарах цаг үеийн үйл ажиллагаа, зарим шийдвэрийн хэрэгжилтийн талаар шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай гаргаж хүргүүлэх, эргэх холбоотой ажиллах;

2.5.3. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын статистикийн мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх;

2.5.4. Цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдийн ойрын болон хэтийн төлвийн таамаглал боловсруулах, бусад шаардлагатай тооцоо, судалгаа хийх;

2.5.5. Тайлан, мэдээ мэдээллийг судалгаа, баримт нотолгоонд тулгуурлан үнэн зөв, чанартай боловсруулах, орон нутгийн боловсролын асуудлаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах.

2.6.Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох чиглэлээр:

 

2.6.1. Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүс нутгийн онцлог, хүн амын нягтрал, хэтийн төлөв, цэцэрлэг, сургуулийн барилгын хүчин чадал, нөөцийг харгалзан цэцэрлэг, сургуулийн хамран үйлчлэх тойрог тогтоох, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах, хяналт тавих;

2.6.2. Судалгааны үндсэн дээр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн байршил, бүтэц, хэв шинжийг оновчтой тогтоох, өөрчлөн байгуулах, цэцэрлэг, сургуулийн ачааллын тэнцвэрт байдлыг хангах, дахин төлөвлөлт хийх, цэцэрлэг, сургууль шинээр барих, өргөтгөх санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;

2.6.3. Цэцэрлэг, сургуулийн хамран үйлчлэх тойргийн хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдалтад шинжилгээ хийх, үйлчилгээний гадна хоцорсон хүүхдэд чиглэсэн хариу арга хэмжээ авах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.6.4. Сургалтын байгууллагын барилга байгууламж, нөөц хэрэглэгдэхүүн, цэцэрлэг, сургуульд хамрагдаж буй хүүхэд, багш, ажилтны шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээлэл тогтмол цуглуулж судалгаа хийх, хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагыг мэдээллээр хангах.

 

2.7.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиглэлээр:

 

2.7.1. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу зохион байгуулах, үр дүнг ил тод, нээлттэй мэдээлэх;

2.7.2. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны тодорхойлолт боловсруулах, баталгаажуулахад томилох эрх бүхий этгээдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

2.7.3. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай тайланг дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд танилцуулах, сонгон шалгаруулалттай холбогдох асуудлаар мэдээллийн сан үүсгэх.

 

2.8.Аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах чиглэлээр:

 

2.8.1. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны хангалтын байдал, загвар, хийц, чанарын асуудлаар хэрэглэгчийн сэтгэл ханамж судлах, сургуулиудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх;

2.8.2. Сурагчийн дүрэмт хувцасны загварын хувилбар, материалын болон технологийн шаардлагыг эцэг эх, иргэд, мэргэжлийн холбоо, байгууллагатай хамтран боловсруулах, дүрэмт хувцасны нэгдсэн загвар, шаардлагыг баталгаажуулж мөрдүүлэх, сурагч, эцэг, эх, олон нийтэд сурталчлах;

2.8.3. Батлагдсан шаардлага, загварын дүрэмт хувцсаар сурагчийг хангах ажлыг өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнг мэдээлэх.

 

2.9. Газар нь энэ журмын 2.1-2.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

2.9.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-нд заасан ажлын хэрэгжилтийг хангана.

2.9.2. Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем (багш, ажилтан, суралцагчийн бүртгэл бүхий)-ийг бүрдүүлж, хөгжүүлэхэд цэцэрлэг, сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслана.

2.9.3. Боловсролын байгууллагын ажилтан авлига авах, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 5, 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.9.4. Орон нутгийн боловсролын байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжид нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийг гадаадын ижил төстэй байгууллагатай холбох, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.

 

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

 

3.1. Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

 

3.2. Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно.

3.2.1. Газрын нэгжийн дарга, мэргэжилтэн нь бакалавр түүнтэй адилтгах[1] болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, боловсролын сургалтын байгууллагад сүүлийн 5 жил ажилласан туршлагатай, багш, ажилтанд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, судалгаа хийх, мэдээлэл боловсруулах болон багаар ажиллах ур чадвартай байх бөгөөд харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээ сахин ажиллана.

3.2.2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн хөгжил, төлөвшил, сургалтын байгууллагын болон хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд багш, удирдах ажилтанд мэргэжил, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, судалгаа хийх, мэдээлэл боловсруулах зэрэг асуудлыг ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

3.3. Газрын дарга нь бусад хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын дарга, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллана.

 

3.4. Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн, хүний нөөц, төсөв, санхүүгийн болон хуулиар хориглосноос бусад мэдээллийг байгууллагын вэб сайт/мэдээллийн самбарт байршуулах замаар байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангана.

 

3.5. Боловсролын үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан шударга, хүртээмжтэй, ил тод, нээлттэй, тэгш байдлыг ханган явуулна.

 

3.6. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид холбогдох хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудалд дарга, мэргэжилтэн хөндлөнгөөс оролцох, хууль бусаар нөлөө үзүүлэх болон ном, гарын авлага, сэтгүүл бусад зүйл худалдан авахыг багш, ажилтанд тулган шаардах, борлуулахыг хориглоно.

 

 

 

 

—000—

[1] Гэгээрлийн сайдын “ Боловсролын түвшин, ангилал тогтоох” 1998 оны 98 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Боловсролын түвшний  ангилал ”-ын 5 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

 

Санал болгох

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2019-202 оны хичээлийн жилийн зорилго, зорилт

Best free WordPress theme